Кино улс төрийн томилгоогоор, өөрсдийн багын найз Өлзийг дэд сайд болсныг дуулснаар эхэлнэ. Валютын ченж ажилтай Нарийнхүү, жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг Банжуу нар шинэхэн сайд найздаа долигнон цоо шинэ ангын буу бэлэглэж, долоо хоногийн сүүлээр хамтдаа анд явснаар бүх үйл явдал эхэлдэг. Гэвч өмнө нь ан хийх нь байтугай оготны хамраас ч цус гаргаж үзээгүй тэд айлын нохойг чонотой андууран хөөж явахдаа нутгийн байгаль хамгаалагч Готовын хүүг андууран буудна. Гэвч угийн өвчний улмаас татаж унасан тэр хүүг найзууд хөнөөчихлөө хэмээн бодож хөглөж байх зуур олон жилийн өмнө ууланд нууж орхисон мөнгийг авахаар шоронгоос оргосон, тэдний хөглөж яваа ууланд бүгэж байгаа, 3 найзтай усны дусал мэт адилхан Заазуур, Колдоо, Шанаа хэмээх 3 оргодол тэдний машиныг хулгайлдаг. Гай болж радиогоор оргодлуудын тухай мэдээлэл цацагдсан тул орсон, учирсан айл бүр тэднийг оргодлуудтай андууран хөөцгөөж, даарин дээр нь давс нэмж орхино. Яг энэ үеэр ямар ч аргаар хамаагүй хот орохын түүс болсон 3 найз тэдний ууланд нуусан мөнгийг олоод машины эрэлд гарах ба санаандгүй тохиолдлоор хэрэгтнүүдтэй тааран холилдож, хэрэг явдал бүр аймшигтай байдалд орон ээдэрч орхино. Гэвч бусдаасаа илүү муу санаатай оргодлуудын толгойлогч Шанаа тэдэнд өөрсдийнхөө хувцасыг өмсүүлэн, машиныг нь эргүүлэн өгч өгөөмөр зан гаргасан нь санаандгүй хэрэг огтхон ч бус харин өөрсдийнхөө оронд шорон луу явуулах гэж буй хорон урхи болохыг тэдний хэн нь ч мэдээгүй байсан нь харамсалтай. Ийнхүү киноны төгсгөлд нарны 3 найз цагдаа нарт баригдан шоронд орж, нарсны 3 оргодол тэдний амьдралд эзэн сууснаар бүх зүйл орвонгоороо эргэн дуусдаг.
Hide player controls
Hide resume playing